Айдас, ай яа яа...

Сүүлийн хэдэн жил надад сайн болон муугаар ханддаг хүмүүсийн ганц хэлдэг юм нь “болгоомжтой байгаарай”, “сайхан мэдээрэй”, “цаадуул чинь яаж ч мэднэ шүү” гэсэн бараг ижилхэн үгс юм. Яагаад ? Сүүлийн үед “утсыг чинь чагнаж байгаа шүү”, “компьтерийг чинь IP-ээр нь олчихно шүү” гэж хэлэх нь олшров. Хүмүүс нэг л айдастай болчихож. Ийм айдас нийгмийг хамарсан сэтгэл зүйн түгээмэл үзэгдэл болсон нь илт учраас энэ тухай өгүүлэхээр шийдэв…
Хүн болгон айдаг
Хүн болон алив амьд амьтан, заримдаа ургамал ч хүртэл амьдрал хэмээгч АГУУ зүйлээ хамгаалах төрөлхийн зөн билэгтэй байх.
Айдсыг амьдрал, эрүүл мэнд, ойр дотнынхон болон эрхэмлэл болсон бусад зүйлд нь аюул занал, эрсдэл учруулж буй бодит ба бодит бус нөхцөл байдалд үзүүлэх хүний жам ёсны хариу үйлдэл юм гэж тодорхойлж болно.
Мэдээж өөр маш олон тодорхойлолт байгаа нь айдсыг шинжлэх ухаан одоо болтол тайлж чадаагүй гэсэн хэрэг л дээ.
Айдас нь өөр рүүгээ чиглэсэн, болоогүй буюу нүүр тулаагүй, сөрөг сэтгэл хөдлөл юм. Зөвхөн Та айж байгаа учраас өөр рүүгээ чиглэж байгаа юм, шууд тулаагүй учраас болоогүй гэсэн хэрэг, сөрөг гэдэг нь нэг л таатай биш байдагт оршино.
Айдас нь хүний тэсэн амьдрах тэмцлийн нэг салшгүй хэсэг мөн. Балар эртний нэг нөхөр арслан заантай тулгарчээ. Энэ бол нэг талаас айдас, нөгөө талаас олуулаа нийлж түүнийг агнах нь эр зориг. Ер нь бол амьдралын утга учир. Ингээд л музейд байгаа зурган дээрх шиг сүргээрээ нийлж аваад арслан заантай үзэж тарна даа. Энд бид айдас нь эр зориг болон хувирч байгааг харж байна.
Өөрөөр хэлбэл айдас, эр зориг хоёр сүлэлдэн байх нь хүний амьдралын салшгүй хэсэг бөгөөд айдастай хийх тасралтгүй тэмцэл мөн. Магадгүй хүнд айдас хэрэгтэй байж ч болох. Яагаад гэвэл тэр хүнийг болгоомж, сэрэмж, туршлага зэрэг чухал олон зүйлсэд сургаж байна.
Айдсыг түгшүүр, айдас, аймшиг, айдсын дон (фобия) гэхчлэн маш олон хувааж үздэг боловч эдгээрийг гүнзгийрүүлэн судлах нь эрдэмтдийн ажил буй за. Ямар ч гэсэн энэ удаад эдгээрийг бүгдийг нь айдаст нь багтааж маш бүдүүн тоймоор авч үзье.
Эхлээд биологийн айдас байна. Ухаандаа хулгана, могой, харанхуй, гүнзгий, өндөр, өвчин, аянга цахилгаан зэргээс хүн айж болно. Ийм шалгаан мундахгүй бөгөөд тоолж баршгүй. Энэ нь түгээмэл бөгөөд хүний төрөлх шинж байх.
Хулгана мэдээж хүнийг алчихгүй боловч олонхи хүн түүнээс үхтлээ айдаг. Харин могой бол өөр хэрэг. Гэхдээ л могойтой шууд учирсан, хатгуулсан хүн цөөн боловч олон хүн түүнээс айж байдаг. Энэ ч гэсэн хүмүүн заяатанд бас л хэвшмэл байдаг үзэгдэл.
Дараа нь метафизик айдас гэж байна. Ухаандаа уйтгарлан гуниглах, санаашрах, ганцаардах, үхлийн тухай үзэл зэрэг болно. Энийг мэдээж бид хөндөхгүй.
Бидний сонирхлыг хамгийн их татаж буй айдас бол нийгмийн айдас болно.
Хэрэв Робинзон Крузо л биш бол хүн эхлээд гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, нийтлэг зэрэг жижиг бүлгүүд, мөн байгууллага, институт, үндэстэн, нийгэм зэрэг том бүлэгт хамаарагдах бөгөөд энд тоо томшгүй олон харилцаа үүснэ. Энд түрүүчийн ярьдаг биологийн айдсаас уламжлалтай айдсын асар олон шинэ төрөл үүсэх нь мэдээж юм.
Өөрөөр хэлбэл хүн болгонд айдас байдаг. Хэрэв нийгмийн айдас нь байнгын бөгөөд тогтмол шинжийг олон аваас тэр нийгэм хувь хүний дайсан болж байгаа нь тэр…
Нийгмийн айдас
Хүн хотжих тусам биет байдлаар туйлын ойрхон бөгөөд нягт амьдрах боловч ганцаардал гэгч сэтгэл зүй болон үйлдэл ихээхэн нэмэгддэг. Энэ асуудлыг судалдаг социологи, сэтгэл зүйн тусгай салбар ч бий.
Ерөнхийдөө бол ганцаардал нь айдсын нэг гол эх үүсвэр олно. Та өдөр болгон хар мянган хүнтэй уулзаж учрах боловч энэ нь мөн чанарын хувьд хэт аминч шинжийг агуулсан учраас түүнийг бараг айдас, болгоомжлолын харилцаа гэж үзэж болно.
Нисэх онгоц хэзээ унах, галт тэрэг хэзээ мөргөлдөх, машин хэзээ осолд орох, хэн хаанаас гарч ирээд юу хийх, яадаг бол гэдэг нь тухайн хүнд одоохондоо тодорхойгүй боловч ямар ч гэсэн “бодитой” зүйл бөгөөд энэ бол айдсын төрлүүд мөн. Нийгмийн ийм социал айдсыг бас л тоолж баршгүй.
Тэгээд яах ёстой гэж ? Түүнийг бүр мөсөн арилгаж болдоггүй юм аа гэхэд аль болох боломжит хэмжээнд хүртэл бууруулахын төлөө тэмцэх ёстой.
Хүн болон нийгэм хоёрын харилцаан дунд нийгмийн айдас үүсэх бөгөөд үүнийг социал, эдийн засаг, улс төрийн болон оюун санааны хэмээн хүрээгээр нь ангилж болно.
100-аад жилийн өмнө монголчууд “нүгэл” гэсэн ганцхан зүйлээс айдаг байсан цаг бий. Энэ нь буг чөтгөр зэрэг үүнээс уламжилсан айдсын объект оргүй байсан гэсэн үг огт биш. Бусдаас нь нэг их айгаад байсан нь юу л бол ?! Харин байгальтай хэт ойр байснаас болоод хувь хүний болон нийгмийн айдас нь холилдчихсон байж магадгүйг нягтлан судлууштай.
Социализмын үед ч гэсэн нэг их айгаад байх юмгүй байсан санагдана. Энэ нь тэр үед айдас огт байгаагүй гэсэн хэрэг биш. Нам, төрөөс айдаг байсан.
Харин зах зээлд орж, мөнгө шүтэх үзэл хэт тархсны улмаас бие биенээсээ айх болов. Эхлээд “бүргэд” хаалга хийлгүүлж авав, дараа нь хөршийн давхар хаалгаа хийлгүүлэх болов. Өмчөө хамгаалах гэсэн нэртэй энэ айдсыг дарах бизнесийн системийн нэг хэлбэр нь дохиолол хамгаалалтын болон бие хамгаалах албадууд болно. Дараа нь орцондоо кодтой том гэгчийн төмөр хаалгатай болж авав. Мөн ардчилал гээд даргаасаа айдаг өвчтэй болов. Ингээд амар тайван болсон уу ? Мэдээж үгүй. Айгаад л, хамгаалаад л, улам тусгаарлагдаад л байдаг, айдас нь улам нэмэгдээд л байдаг…
Эрхбиш нийгэмд байгаа хүн юм чинь гадагш гарч амь албаны олон ажил хөөцөлдөх ёстой болно. Энд ч гэсэн аюул занал дүүрэн. Аль ч нийгэмд ийм байдаг.
Хэрэв дайн самууныг эс тооцвол манайх шиг замбараа задагаа алдсан, алхам тутамдаа айдас, түгшүүртэй нийгэм гэж байхгүй л болов уу.
Хоол идээд, архи уугаад үхчихээд байхаар чинь хүн айлгүй яадаг юм ?! Бизнес хийх, зээл авах, мөнгөө банкинд хадгалуулах болгонд л эсвэл шатаад, эсвэл хулхидуулаад байхад хүн мэдээж айж л таарна даа. Эсвэл зүв зүгээр гэрээсээ гараад орой нь дээрэмдүүлэхгүй, алуулахгүй гэх баталгаа огт байхгүй тохиолдолд хүн хүнээсээ айж л таарна. Ажлаасаа халагдах гэхчлэн нийгмийн олон айдас буй.
Айдастай холбоотой олон үзэгдэл байдгийн заримаас тоочвол болгоомжлол, хаширлал, эрсдэл, сонголт, стресс, гажуудал, амиа хорлолт, ганцаардал, зожигрол зэрэг болно. Дашрамд дурдахад социологи, психологийн уулзварт буй энэ сэдвээр судалгаа хийвэл залуучуудад мөн ч их хэрэгтэй юмсан.
Манай монголын нөхцөлд социал айдсыг олон ангилж болох боловч түүний гол эх үүсвэр нь монголын төр мөн.
Мөн чанараараа ч, үзэл санаагаараа ч, ажлын арга барил, дадлаараа ч, үйл ажиллагаагаараа ч монголын төр бол айдсын мангас мөн.
Монгол айдас
Ихэнхи тохиолдолд бидний саналыг луйвардсан, хууран мэхэлсэн эрх баригчид төрийг төлөөлж, сүүлдээ манийгаа айлгадаг болж байна. Энэ ч их эртнээс эхтэй.
Уламжлалт нийгэмд язгууртан, ихэс дээдсийн эсрэг тэмцвэл “ноёнтой өштэй хүн хонгогүй, нохойтой өштэй хүн хормойгүй” болдог байлаа.
Социализмын үед бол мэдээж “намын бодлогын эсрэг”, “эсэргүү”, “тэрс үзэлтэн” зэрэг монгол хоч, улмаар оппортунист, анархист, шовинист зэрэг гадаад хоч зүүж ёстой муугаа үздэг байлаа.
Харин одоо бол эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө бол “хүний амь хорхойн чинээнд ч үл хүрэх” болж байна. Энэ нь бодит байдал мөнөөс мөн учраас “айсан хүнд аргал хөдөлнө” гэсэн зохиомол айдсын хүчтэй төлөв байдал руу орчихож байгаа юм.
Энэ бүгд нийлээд монгол айдас болж байгаа юм.
Төрөөс айхуй
Ер нь аливаа төр бол хүчирхийллийн машин юм. Үүнийг олон улс орны олон үеийн олон түүх нотолдог. Дорно дахин болон Монголд төрийг хамгийн дээд төгс, хүчирхэг зүйл гэж үзэхээс гадна түүнийг хүнээр төлөөлж ойлгодог менталитеттэй. Энэ нь одоо ч буй. Төр бол хүн биш гэдгийг олон хүн мэддэг боловч төрийн тэргүүн гэмэгц л хулхи нь буучихдаг айдсын гажигтай юм, манайхан…
Төрийг хувь хүний буюу явцуу бүлгийн эрх ашиг, ааш араншингаас үл хамаат болгох, зөөлрүүлэх, шударга болгох гэсэн олон зууны хүсэл мөрөөдөл, тэмцлийн үр дүнд ардчилал гэж зүйлийг хүн төрөлхтөн бодож мэт байдаг.
Манай нэн шинэ түүхийг аваад үзэхэд л төрийн дарангуйллын оргил үеүд нь 1932 оны “эсэргүү” бослого, 1937 оны хэлмэгдүүлэлт, 1960-аад оны “сэхээтний төөрөгдөл” зэрэг болно.
Нэг сайн хядаж авчихаад л бусад үед нь төрийн машинаар айлган сүрдүүлж, дарамталж, хэлмэгдүүлэх нь нь бараг цикл шинжтэй болчихсон юм. Энэ нь ор мөргүй алга болоогүй, харин ч монголчуудын сэтгэл зүйд айдсын комплексийг бий болгосон, нөгөө талд нь монголын ямар ч төр түүнийг нь далимдуулж айлгадаг зуршилтай болжээ.
Харин 2009 оны 7 дугаар сарын 1-нд монголын ардчилсан хэмээгдэх төр дарангуйллын шинж чанартай болсноо ил тод харуулсан юм. Ардчиллын 20 жилийн түүхээ эргээд нэг харсан чинь монголын төр нэг дарангуйлагчийн мэдэлд бүрэн орчихсон байх нь тэр. 7 дугаар сарын 1-ний үйл явдлыг төрөөс, шууд яривал цөөн зарим эрх баригчдын зүгээс зориудаар зохион байгуулсан гэж би хэлэхээрээ нэг болсондог…
Төр бол хүчирхийллийн машин боловч хууль, ёс суртахуун, нийгмийн хэм хэмжээний дагуу, бас олон нийтийн хяналтын дор үүнийгээ үйлдэх ёстой бөгөөд төрийг чухам ийм болгохын тулд бид 20 жилийн өмнө ардчилал гэсэн замыг сонгосон бөлгөө.
Гэтэл энэ хугацаанд төр хуучин байдалдаа орсоноор үл барам, олон талаараа түүнээс долоон дор болжээ. Цаг хугацаа XXI зууныг заагаад байхад бид өөрийнхөө сонгож байгуулсан төрөөс айдаг болжээ. Уг нь хуулиас, ёс суртахуунаас л айж баймаар…
Даргаас айхуй
Нэгэн жишээ. Би нэг найзындаа очоод байтал ач нь үймүүлээд болдоггүй ээ. Тэгсэн чинь манай найз над руу зааж байгаад: “Энэ хүн манай дарга шүү. Чамайг үймүүлээд байвал өвөөг чинь аваад явчихна шүү” гэж хүүхэд айлгадаг амьтан юм байна, өнөөх чинь…
Ганцхан энэ өгүүлбэрт манайхны арчаагүй менталитет, айдсын далд ухамсаргүй шинж тод илэрч байна.
Даргаараа хүүхдээ хүртэл айлгаж хүмүүжүүлдэг манайх шиг хөгийн нийгэм тийм ч олон биш болов уу. Үнэхээр манай дарга болон дарганцарууд хүн айлгаж, дарамтлахын сонгодог жишээ мөн л дөө.
Одоо бол даргаасаа айна гэж жигтэйхэн. Дарга гэсэн монгол ухагдахуун ихээхэн олон салаа утгатайг хүн болгон мэдэх боловч тэрхүү “хүүхэд айлгадаг” дарга нь дээд даргаасаа айх гэхчлэн шаталсан айдас үүсч, энэ нь нийгмийн бүхэл бүтэн анги, үзэгдэл болсныг бид огт анзаараагүй явж иржээ.
Утаснаас айхуй
Олон хүн надтай суурин болон гар утсаар ярих. Тэдний дийлэнхи нь “Энэ бол утсаар ярих асуудал биш”, “Уулзаж байгаад яръя даа” гэх. Бодвол өөрийгөө чагнаж байгаа гэж бодоод байгаа бололтой. Тэгээд уулзахаар ярих гэсэн “нууц юм” нь өөрийнх нь гомдол, эгдүүцэл, даргадаа уурласан уур л голдуу байх.
Мэдээж аль ч улсад төрийн тогтвортой байдлыг хангах, төрд аюул учирсан нөхцөлд тагнах чагнах нь мэдээжийн хэрэг. Тэгээд хүн болгоныг чагнаад байдаг хэрэг үү ?!
Сүүлийн мэдээгээр монголд 250.000 гаруй суурин утас, 1,5-1,6 сая гар утас ашиглаж байна. Эндээс “улс төр-эдийн засгийн ач холбогдолтой” 50.000 хүн байна гэж багцаагаар бодоод үзье.
Энэ тохиолдолд ч гэсэн нэгд, эдгээрийг бүгдийг нь чагнаад сууж байх техникийн боломж манайд огт байхгүй, хоёрт, чагналаа гэхэд тэр асар их мэдээллийг боловруулаад, ангилж шинжлээд сууж байх үй олон боловсон хүчинтэй, тийм их завтай зайтай хүчний байгууллага гэж огт байхгүй, гуравт, ихэнхи хүмүүсийн яриа төрд бухимдсан, зарим эрх баригчдыг шүүмжилсэн нийгэм-ахуйн энгийн асуудал л байдаг юм.
Хүчний байгууллагын нэг нөхөр эхнэрийнхээ яриаг сонсож, нууц амрагийг нь илрүүлэх гэсэн “ажиллагаа” явуулж байсан инээдэмтэй тохиолдол сонсогдож л байсан.
Эндээс үзэхэд суурин болон гар утас чагнах явдал бол түгээмэл зүйл огт биш нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Хэрэв чагнасан бол Үндсэн Хууль болон бусад хуулинд заасан хүний эрхийг ноцтой зөрчиж буй явдал болно.
Энд айдсын монгол менталитет үйлчилж байгаа нь тодорхой байна. Ухаандаа намайг чагнаад яах юм ? Хэнд, ямар ашигтай юм ? Иймээс би гар утасныхаа дугаарыг 10 гаруй жил солиогүй болоод л ирсэн юмдаг.
Өөр нэг жишээ. Манай улс төрч, бизнесүүд хотоос гарч бидний дэд станц гэж нэрлэдэг трансформаторын дэргэд очиж ярилцдаг өрөвдөлтэй жишээ олон бий. Одоо ч гэсэн тэгдэг юм. Трансформаторын дэргэд маш хүчтэй цахилгаан соронзон долгион ялгаруулдаг учраас “чагнуулахгүй” гэж арчаагаа алдаж байгаа царай нь тэр юм. Харин тэднийг бол чагнаж бүрнээ болно. Миний хувьд бол энэ мэдээллийг хэдхэн хоногийг дараа мэдчихдэг учраас инээд хүрээд л сууж байдаг юм даа…
Ингээд чагнуулахаас айж буй хүнд “Битгий горьд, чамайг хэн тоодог юм ?!” гэж би шууд л хэлдэг. Энэ нь мэдээж Таныг доромжлоогүй боловч ӨӨРӨӨ нэг сайн эрэгцүүлээд үзэхгүй юу даа…
Компюьтерээс айхуй
Компюьтер гараад юм их гоё болж байна аа. Тэгтэл сүүлийн үед IP-аар чинь хайгаад олчихно шүү гэж айлгадаг болж байна. Энэ цуурлаас болж сүүлийн үед миний блогт хаягаа бичдэг хүн тун ховор болов. Олоод яадаг юм ?! Та ямар буруу юм хийсэн юм ?! Төр засгийг эргүүлнэ, тэдэн сарын тэдэнд бослого гаргана, буу зэвсэг нийлүүлнэ гэж яриагүй биз дээ…
Одоо манайд 250 гаруй интернет кафе, 350.000 гаран компюьтер ажиллаж байна. Насанд хүрсэн хүмүүсийн 40 гаруй хувь нь интернет байнга ашиглаж байна.
Мөн гадаадад байрлаж байгаа, идэвхитэй ажилладаг асар олон сайт, блог байна. Онолын хувьд ч, практикийн хувьд ч эдгээрийг бүгдийг нь чагнаад сууж байх зав зайтай байгууллага, чингэхдээ ийм их мэдээллийн массивыг боловсруулах элбэг дэлбэг боловсон хүчний нөөц гэж манайд огт байхгүй. Мэдээж техникийн хувьд бол энэ нь боломжтой авч асар олон хүнийг ингэж мөшгөх гэсэн тохиолдолд энэ “монгол” арга огт боломжгүй.
Мэдээж терроризм, түүний дотор хүний наймаа, зэвсгийн наймаа, хар тамхи, хүн худалдаалах, алан хядах зэрэгтэй холбоотой бол чагнаж шалгаж л таарна шүү дээ.
Энэ үй олон компюьтер сэлгэмэл хийж, чөлөөтэй, нэгэн зэрэг ажиллавал түүнийг хянах боломж хүчирхэг Орос, Хятад, АНУ –д ч байхгүй байх. Тэгээд ч Та биднийг (цөөн хүнээс бусдыг нь- Д.Г) тэд нэг их тоох нь юу л бол ?! Эсвэл Та тийм их сүрхий, олон улсын хэмжээнд анхаарал татах их мэдээлэлтэй хүн үү ?!
Та сайндаа л төр засгийг буюу одоогийн байдлаар Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, бас МАХН, АН-ыг л шүүмжилж байгаа биз. Хэн ч гэсэн магтах хүнээ магтаад л, муулах хүнээ муулаад л сууж байдаг ш дээ. Ингээд яачихаав ?! Ямар буруу юм хийчихээв ?!
Үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрх, эрх чөлөө чинь хаачсан ?
Хэрэв тийм их сүрхий тагнаж чагнаад байгаа юм бол надад хэл л дээ. Би бүх нийтээр нь чагнах явдал байхгүй гэж дүгнэж байна.
Надтай харьцаж буй олон хүнд тэмцмээр санагддагийг би сайн мэднэ. Чингэхдээ Та дарга, утас, комюьтерээсээ хүртэл айж байгаа бол тэмцлийн тухай бодсоны ч хэрэг байхгүй гэж зөвлөмөөр байна.
Билэгдлийн тэмцэл
Та бүхэн “Тод магнай” гэдэг гайхамшигтай киног санаж байгаа байх. Тэнд монгол морины тухай өгүүлсэн боловч монгол менталитетыг гайхалтай сайхан харуулсан байдаг. Энд би уг киног огт шүүмжлэх гээгүй юм шүү.
Хэрэв би эндүүрээгүй бол киноны агуулга нь манж-хятадуудтай хийж буй манайхны тэмцэл юм. Тэмцлийн хэлбэр болон зэвсэг нь морь болон морь уралдуулах явдал. Манж-хятадтай тэмцэхийн тулд морины эрэлд хатах бөгөөд амь насаа золин золин байж, нутаг хошуу алгасан арай гэж “тэмцлийн зэвсэг” морьтой болж авдаг даа.
Надад л лав монгол морь түрүүлмэгц манж-хятадыг ялчихсан гэх сэтгэгдэл огт төрдөггүй. Хэрэв өөр улсад байсан бол яаж ч тэнэгтсэн ийм “гажиг” хэлбэрээр тэмцэхгүй нь лавтай.
Одоо цаг өөр болсон боловч энэхүү “билэгдлийн тэмцлийн” менталитет зарим талаараа хэвээрээ мэт. Наад зах нь телевизээ “загнах” явдал болно. Мөн хаягаа нэрээ нууж байгаад аягүй мундаг сэтгэгдэл бичнэ дээ. Энийг чинь л билэгдлийн тэмцэл гэдэг юм.
Зарим нь бүр надаас “Чи энэ тэр сэдвээр бичээдэх” гэж захиалга өгөх ба хэрэв татгалзвал би гарцаагүй аймхай болж таарна. Ингээд би гэгч хүн бусдын өмнөөс ганцаараа тэмцэх үйлтэй болж таарч байгаа юм. Харин бичсэнийхээ дараа би шоронд хатна уу, яана уу “захиалагчид” огт хамаа байхгүй.
Долоо хоног бүр бичээд байхад чинь аймхай, тэмцлээс татгалзсан, айгаад дуугай болчихсон, хурц тэмцэл хийгээгүй, тус болоогүй гэхчлэн “цол” огт салахгүй. Хэрэв миний бичсэн чамлагдаад байвал өөрсдөө тэмцэж бас болно шүү дээ…
Билэгдлийн тэмцэл бол айдсаас үүсэлтэй хамгийн идэвхигүй, арчаагүй бэртэгчин зангийн тод илрэл бөгөөд ямар ч үр дүнд хүргэдэггүй юм.
Аливаа тэмцэл бол бодитой бөгөөд тодорхой үйлдэл байдаг. Одоо ч гэсэн хоёр нөхрийн нэр дэвшүүлчихээд морь шинжиж, бооцоо тавьж байгаа мэтээр авирлаж байгаа нь шинэ зуунд огт байж боломгүй. Тэрний оронд хоёр хүнийхээ морийг уралдуулчихсан нь дээр. Хямралын үед зардал нь арай хямд тусах биз. Гэхдээ мориндоо хүртэл допинг хэрэглэдэг болчихсон улс шүү дээ, бид чинь.
Иймээс бэлэгдлийн тэмцлээсээ салах цаг аль хэдийн болсон мэт санагдана…
Эр зориг
Ингэхлээр монголчууд бидний айдас бол үнэндээ бол “хөөс” байдаг, Та өөрөө л айж байна гэсэн хэрэг болно. Суут Зигмунд Фрейд аль 1925 онд: “Айдаст тодорхойгүй байдал, объектгүй байдал хоёр шингэсэн байдаг” хэмээн хэлсэн нь буй.
Мөн “Сэтгэл санааныхаа орон зайд хүлээж авалгүй хаячихсан тэр зүйл гадна талаас айдсын хэлбэрээр эргэж ирдэг” гэж францын психоаналитик Жак Лакан хэлсэн байдаг.
Айдас бол давахын аргагүй зүйл огт биш. Яагаад гэвэл эндээс ч гэсэн эр зориг гардаг байж магадгүй…
Нэгэн жишээ. Би Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг ХХБ-ны хувьчлалаар мөнгө идсэн тухай бичээд шоронд орохоо шахав аа. Лав л хоёр жил үйлээ үзсэн юмдаг. Нуугаад яахав, ерөнхийдөө айж байна аа…
Тэгж тэгж шүүх хурал дөхмөгц гэв гэнэт уур хүрээд явчихдаг юм байна. Яагаад би хулгайг илчилснийхээ төлөө шийтгүүлэх ёстой гэж, хэрэв шүүх шийтгэвэл идсэн уусан бүх баримтыг нь дэлгэнэ дээ гэхчлэн гэв гэнэт зориг ордог юм билээ. Эхнэртээ алив бүх оймс, дотуур өмд аваад ир гэлээ. Дөрвөөс илүү оймс, хоёроос илүү дотуур өмд байхгүй амьтан юм гээч, би чинь…
Сүүлд нь бодоод байхад би зоригтой болсондоо биш, харин тэд хэтэрхий их дээрэлхэж, бүх төр, нам ганц намайг хүмүүн бусаар, урт удаан хугацаанд доромжилсон учраас л би амьд амьтны хувьд хариу үйлдэл үзүүлсэн хэрэг байх…
“Хулчгар хүн бодохоосоо айдаг, аймхай хүн хийхээсээ айдаг, харин зоригтой хүн хийснийхээ дараа айдаг” гэсэн гайхалтай мэргэн үг байдаг юм.
Хулгай дээрэм хийж, луйвардаж, хүн амины олон хэрэгт нэр холбогдсон хүн чинь эрхбиш айдаг юм байгаа биз дээ. Тэд одоо зохиомол айдас үүсгэж, ард түмнээ айлгах гэж үхэн хатан оролдож байна. Эхэндээ олон түмэн айдаг байсан, одоо бол үзэн ядаж байна…
Хэрэв хүн бүрт айдас байдаг гэсэн анхдагч үндэслэлээр авч үзэх юм бол одоо хамгийн их айж байгаа хүмүүс бол эрх баригчид гарцаагүй мөн.
Гэхдээ бид зоригтой хүн болох гэж байшин шатаах хэрэггүй л болов уу. Юу ч гэсэн эхлээд даргаасаа, утаснаасаа, компюьтерээсээ айхаа больж үз л дээ. Энэ нь билэгдлийн тэмцлээс салж, зохиомол айдсаа дарах анхны алхам чинь болно…
Бүх ард түмнээ айлгаж буй ахул тэд өөрсдөө айж буй нь ямар ч эргэлзээгүй.
Сонгууль гэж тэднийг зайлуулах хамгийн үр ашигтай арга бэлхнээ байна шүү дээ. Хэрэв сонгууль луйвардаад болохгүй бол эрх баригчидтай “мэддэг хэл”-ээр нь ярих эрхийг зөвхөн бид л эдэлж таарна даа…
Судлаач Д.Ганхуяг
2008 оны 4 дүгээр сарын 25

Жич. Судлаач Д.Ганхуягийн зөвшөөрлийг авсан болно.

Сэтгэгдэлүүд:

1. anand2009 | 2009-04-25 22:06:28
Жаахан байж байгаад хэсэглээд өгнөө.
2. bolorka83 | 2009-04-25 22:36:28
mash hicheel zutgelteigeer unshij duusgav
gehde dutuu oilgob dahin unshinaa
sain uu ta
3. Баяраа | 2009-04-25 22:48:07
Ёстой бахархууштай бичсэн байна наад Д.Ганхуяг гэдэг хүн чинь !Хэт их дээрэлхүүлж байгаагаа их гоц гаргаж бичжээ..
4. forever | 2009-04-25 22:50:54
Айх шалтгаан байгаа болоод л хүмүүс хаа нэгтээ айж түгшиж байна... Гэхдээ тайван цаг ирэх байх аа...
5. blogtoihun | 2009-04-26 00:36:43
аний байна уу?
6. blogtoihun | 2009-04-26 00:37:26
Энэ бол их зөв.
7. pyyjee (зочин) | 2009-04-26 01:38:30
би ч гэсэн айсандаа нэрээ оруулсангүй.Та их зөв асуудал хөнджээ.Би дэмжиж байна.Нээрээ бодоод байсан чинь бид амиа бодсоор байгаад айдас гэдэг өвчинг өөрсөндөө наачихжээ.Энэ айдас чинь бүгдэд халдварлаж байна.Яагаад гэвэл бидэнд хангалттай боловсрол алга,энэ чинь л айдасийн эх үүсвэр.Манай дарга нар иргэдээ ухаалаг болохоос үхтлээ айж байна.Энэ айдас нь ч өөрсдийг нь тэнэг болгож байгаа.Хэрвээ та тэмцье гэж байгаа бол энэ их мэдлэг,чадавхиа ямар нэг хэлбэрээр хүмүүст мэдлэг болгож хүргэх талаар юм хийгээчээ.Хүмүүс ухаалаг боловсролтой байвал гудамжинд гарч амиа золин мод чулуу барьж алалдахгүй шүү дээ.Арай өөр аргаар,соёлт ертөнцийн засгийн эрхийн тэмцлийн аргыг сонгох биз.Мао дарга нэг аймаар мөртлөө үнэн үг хэлсэн байдаг юм.Юу гээч :Ард түмэн бол цагаан цаас.Түүн дээр юу ч бичиж болно. Дарга нар таань ч энэ үгийг сайн мэдээд байх шиг байна.Тэмцэж байгаа та нар ч гадарлаад байх шиг байна.Гэхдээ энэ үгийг хэн нь ч хаана ч хэлэхгүй байгаа юм даа.Энэ чинь л эрх мэдлээ алдах гэсэн,эсвэл өөрийнхөө үнэн нүүр царайг илчлэхээс айсан айдас юм шүү дээ.Гэхдээ би юунаас ч айх билээ дээ.Миний хаяг pyrevdorjidshinnorov@yahoo.com
8. anand2009 | 2009-04-26 02:31:06
Ялангуяа 7 сарын 1нээс хойш яагаад ч юм зөнгөөрөө ч гэхүү би ч гэсэн айдаст автсан.Өмнөхөн нь жигтэйхэн сүрхий бичээд байсан хүн чинь бодож бодож энэ блогт бичсэн хэдэн сэтгэлээсээ гарсан "шэдээврээ" устгаж билээ.Наддаа л шэдээвэр байсан юм.Зүрх сэтгэлээс гарсан үг бүр минь харамсал халаглал болж гарсан.Аргаа бараад Эвлэрцгээе гэсэн нэг бичлэг оруулсаныг санах нэг нь санах байх.Тэр үедээ л ийм аймаар юм одоо үзсэн юм чинь бөгдөөрөө сайхан учраа ололцоод, буруудсан нь уучлал гуйгаад явчий ухааны юм бичиж билээ.Гэмшицгээе, эвлэрцгээе, уучилцгаая...Яасан ч сайхан гэнэн цайлган сэтгэлэв.
Өө тэгтэл чинь юун гэмших, юун уучлал гуйх, бүр чангалдаг байгаа.
9. e (зочин) | 2009-04-26 03:19:31
Бичлэгийг чинь уншсангүй гэхдээ утга нь бараг ойлгомжтой. Боддын - дарамтлаад байна дарлаад байна гэж байгаа нөхдүүд худлаа наагаагүй л бол өөрсддөө тохиолдсон эсвэл ойрын хамсаатанд тохиолдсон дарамтыг бусдад зарладаг байлгүй. Тэгээд яахын та нар дарлуулсаны төлөө бид босох уу?! Та нар ингэж олон орилоод, хэлээд бид та нарын төлөө тэдэнтэй алалцах уу?! Монголчууд тэгэх хүмүүс мөн үү?
Тэмцэх босох хүмүүс нь та нар өөрсдөө юм бишүү??? Санаачлаад явбал яваачдээ. Олон хүмүүс яг тэрийг чинь л хүлээж байгаа шдээ. Тэгж л их айгаад байгаан бол ингэж хачин юм бичихээ болиоч. Ямар зорилготой ингээд байгаан! Сэрэмжлүүлж байна гэж хуцаач. Тийм юм байдаггүй юм мэдүү. Залхаж байна шдээ та нараас баахан л эх орончид тэнд тэгж байна ингэж байна муусайн новшнууд энээ тэрээ гээд л бичих юм. Тэрийг нь уншаад итгээд, тэгвэл зохион байгуулаад хамтдаа бичхэн ч болтугай дуугарья гэсэн санал тавихаар таг. Хариу байхгүй. Яах гээд байдаг хүмүүс вэ? Хүний гараар могой бариулах гээгүй л юм өөрсдөө зохион байгуулаад яваач.
10. anand2009 | 2009-04-26 03:53:37
Чи тэгвэл Монголд аливаа дарамт байхгүй ард түмэн нь эрх чөлөөтэй байна гэж хэлэх гээ юу?
Ард түмэн айдасгүй амар сайхандаа жаргаж байна гэх гээд байна уу?
Чи мөрөөрөө явж байгаад буудуулж үхсэн тэр хэдэн залуусыг зугтаж явахдаа айдасгүй байсан гэж хэлэх гээд байна уу? Чи учраа олохгүй гүйж яваад баригдан хэлмэгдэж,өнөөдөр шоронд тамаа үзэж байгаа гэмгүй хүмүүсийг айхгүй байгаа гэж бодож байна уу?
Ажил төрлөө алдахаас айж зөв харж инээж буруу харж уйлж, 2нүүр гаргаж яваа түмэн олныг юу гэж бодож байна?
Авилгалын сүлжээний золиос болсон жирийн иргэд хэзээ дуудахыг нь чичрэн хүлээж байхдаа айдасгүй байгаа хэмээнэ үү?
Энд хүмүүс юу болоод байгааг ойлгох гэж ухаарах гэж, босох гэж ядаж байна.Үүнийг ойлгоод бич дээ. е гуай.
11. Хожуул | 2009-04-26 05:40:59
Би Монгол болохгүй байгааг үгүйсгээгүй. Тасран гарсан цус яс 2 маань хүссэн хүсээгүй надад бүгдийг мэдрүүлдэг.
Харин ингэж биччихээд эсвэл чихнийх нь АРААС зөөлөн, тэгсэн атлаа хорлонтойгоор урагшаа гэж шивнэчихээд өөрөө хаана хэний төлөө юу хийж яваа нь мэдэгдэхгүй хүмүүсийн цаад зорилгыг гайхаад байдаг юм.
Та тэгвэл яг хэл л дээ.
Хэнд юунд найдаж ийм юм хийдэг юм?
Яг хэнийг уншаасай гэж ийм юм тавьдаг юм?
Уншсан хүмүүс юуг ойлгоосой, ойлгосныхоо үр дүнд юу хийгээсэй гэж хүсдэг юм?
Бид айж байна тэгээд яах уу?
Та өөрөө наанаасаа ирээд АРДТАЙ хамт УЛААН НҮҮРЭЭ ил гаргаад баримттай нотолгоотой тэмцэж чадах уу?

Айвал бүү хий
Хийвэл бүү ай!
12. mmm (зочин) | 2009-04-26 08:44:50
setgegdel orohgui baihiim
13. Orgil | 2009-04-26 10:14:44
Ene blogiig bi bainga unshij demjdeg yum haramsaltai odoo ch bugd l ene tuhai yaridag bolj bichdeg bolj harin hiideg ni ygyi daanch ene ard tumenii zurh denduu uhchihej 4 hun hoorondoo ene avilgach toriin esreg temtseheer bolood garahad 1 ni urvaad ochij altan hoshuu orgono 1 ni amia bodood alga boilno bas 1 ni baidliig haraad suuchihna /herev ter temtsel ni amjilttai boloh shinjtei bol garch irne gesen ug/ uldsen 1 ni gantsara yah ch yum bilee temtslee geed yum bolohgyi chimeegyi nuhuuldag iim l bolchihood baina da..
14. anand (зочин) | 2009-04-26 14:40:59
Хожуул аа. Нилээн эрт чи намайг орж ирж баахан дормжилчихоод гарахад чинь хойноос чинь орж яриа өрнүүлэх гэж үзээ биз дээ?Хариуд нь баахан урдаасаа ус цацуулаад гарсан.Ер нь чи хүнтэй хэрэлдэх гэж орж ирдэгийг чинь би мэднэ.Гэхдээ чи үнэхээр ямар зорилгоор ийм бичлэгүүд оруулаад байдгийг маань мэдэхийг хүсэж байвал хариулъя л дээ.
Би урагшаа гэж шивэгнээгүй. Би урагшаа гэж хашгирч байгаа.
Би хэний ч төлөө биш харин өөрийнхээ төлөө үр хүүхдийнхээ төлөө тэдний ирээдүйн төлөө тэмцэж байгаа.
Би хэн нэгэн хүнд найддаггүй бөгөөд Монгол хүний эрүүл ухаан, Монгол түмний тэнгэрлэг заяанд,шудрага ёс ялна гэдэгт итгэдэг.
Яг чам шиг залуусыг уншаасай гэж ийм юм тавьдаг.
Уншсан хүмүүс энэ бүх болохгүй бүтэхгүй зүйлинхээ учрыг олж,хамтран ярилцаасай гэж хүсдэг. дараа нь өөрсдийн шийдвэрээ гаргаасай гэж боддог.
Чи өөрөө айж байгаа мөртлөө иймхэн юм ойлгохгүй тэнэгтэж ,үг сөрөхийн тулд сөрж, хөгшин чавганц шиг үргэлжийн мөнхөд хаа байгаа газар дагаж хэрүүл өдөж яваа бол хохь чинь гэдэг юм.
Чиний сурч байгаа наад Орос нутагт чинь хүний эрх,ардчилал, амар тайван нийгэм ямар байдаг талаар харагдах үзэгдэх баримжаа авах юмгүй болохоор чиний энэ үйлдэлд чинь гайхаад байх юм алга.Эсвэл чи нөгөө нетэд хөлсөөр суудаг бууны нохойны нэг үү?
15. Хожуул | 2009-04-26 17:33:26
Иймэрхүү худлаа хөөсөн хариулт ирнэ гэж мэдэж байсан юм. Та яг яаж тэмцээд байна вээ хаа холоос?! Харах юмсан.
Намайг яах гэж нетэд ордогийг та мэдээд яахав дээ. Хэрэлдэх ямарч шаардлага байхгүй шдээ энд. Би зүгээр л хүмүүсийн үнэнг нь хэлдэг. Үнэн үг хатуу гэгчээр хүмүүс өөдөөс хэрүүл өдөөд байна уу гэсэн аястай юм хэлэх юмдаа. Тэгээд ч та нээх сүрхий амьтан шиг бичсэн сэтгэгдэл болгоныг өөртөө тусгаж авахаа больвол таарна.
Хэзээ би таныг доромжлоод та араас ороод ирсийн санахгүйн байна. Блогт овоо сэтгэгдэл үлдээх нь дээ гээд хараад сууж байсан учир нь ойлгогдохгүй хэрүүлийн алим үлдээчээд гараа биздээ та. Би тэр сээгийг танд биш Бут гэж хүнд бичсэн юм.
Тэгээд ч таны хүсэл санаа чинь бүтэхгүй. Ингэж тэмцээд хол явахгүй. Блог хэрэглээтэй хүмүүсийн ихэнх нь яг л тань шиг ийм юм хийж суудаг. Тэгээд хоорондоо бичсэн юмныхаа талаар дахин дахин элдэв янзын яриа ярьж нэгнийгээ хөөргөө л. Тэгээд байна ингээд байна гэсэн шүүмжлэлүүдийг загварыг нь өөрчлөөд л дахин дахин тавиад байдаг биздээ. Дошондоо эргэлдээд хол явахгүй ээ. Гараач наанаасаа...
Яг нэг Монгол хүний зан шүү бүр. Та намайг яаж мэдэхэв дээ нээрээ. Би ардчилал гэж юмыг муулаагүй ху намыг сайлаагүй. Та ч мэдэж л байгаа шдээ. Яагаад хэлсэн бүгдээс мууг нь түүгээд сайныг нь мартчихдаг юм бэ!!!
Хүмүүс таны үгээр тэмцэх нь ч хаашаа юм гэдэг шиг би таны үгээр сээгий бичихээ болих нь ч хаашаа юм.
16. Судлаач Д.Ганхуяг (зочин) | 2009-04-26 21:47:16
Эрхэм Хожуул аа. Би хэний ч АРААС нуугдалгүй, УЛААН НҮҮР-ээрээ БАРИМТ НОТОЛГОО-той тэмцээд 10 гаруй жил болж байна. Би ИРЭЭДҮЙН төлөө, маш ОЛОН ХҮН уншаасай гэж бичдэг. Мөн хүмүүс ҮНЭН-ийг ойлгоосой, тэгээд энэ арчаагүй НИЙГМИЙГ ӨӨРЧЛӨӨСЭЙ гэж бичдэг.
Хэрэв би худал гүтгэсэн бол эрх баригчид намайг уухайн тас шоронд хийнэ биз дээ. Тэд ТАГ ЧИГ болчихдог нь миний ҮНЭН гэдгийг гарцаагүй нотолдог юм.
Айх эсэх чинь Таны л хэрэг. Харин БИД айж байна гэж олон тоон дээр хэлэх хэрэггүй л болов уу.
Наад зах нь Тан шиг залуучуудыг алаад, хөрөнгийг нь булааж, эсвэл тэмцсэнийг нь айлгаж байгааг л би бичээд байгаа юм. Таныг би бослого гаргаадах гэж хэлээгүй л юмсан.
17. Монгол Зон | 2009-04-27 23:21:44
Hey Hojuul? When someone makes a comment you don't like, don't unzip your pants and pee on the floor in protest. In my opinion, it's good advice for any blog you go in, to be honest. you're just developing your freaking view of life, yet.
18. Хожуул | 2009-04-28 02:21:49
Байгаль дэлхий дээр олон янзын бүр дэндүү олон төрлийн амьд биет байх авч тэдний махан Бие болон түүгээрээ дамжуулж авдаг таашаал зэрэг нь тэдний хооронд сүртэй ялгаа байхгүйг нотлоод байдаг. Нохойг өшиглөхөд зарим нь гаслаад зугтана, иргэж харна гэж юу л бол, зарим нь ярдаглан улам асан дайрах боловч хүн гэдэг амьтны хаана нь ч хүрэхгүй учираас нэмж гөвүүлдэг. Үр дүн нь бас л гаслах балиар дуу.
Орой унтах гээд хэвтэж байхад байрны ард хашааны ноход хуцалдаад ядаргаатай байдаг байлаа. Эзнээсээ хоол горьддог юм уу эсвэл оромжоо сайжруулах гэж хүсдэг ч юм уу мэдэхгүй. Бодвол нэг юм нь болохгүй болоод л хуцдаг байлгүй зайлуул Тэдний эзэд унтаж амрахын тулд эхэндээ нохойгоо зодож дарамтлаад болохгүй бол хоол энэ тэрээр хоолойг нь завгүй болгодог. Байнга өгдөг хоол, гаргадаг нерв гэж байхгүй учираас эзэд тэр хуцалтад аяандаа дасаж эхэлдэг шиг байгаа юм. Харин нохой гэдэг угаас оюун ухаан гээч юмгүй хөдөлдөг мах учираас эзэндээ асуудлыг ойлгуулж чадахгүй, хашаанаасаа гарч зугтаан, хашаандаа байгаа хэд лүүгээ гараач наанаасаа, эсвэл наад хэдийгээ залхтал нь сайхан хуцаад өг, болохгүй бол хазаад ав гэж ульна. Нөгөө хэд нь хамаагүй ярдаглавал алуулахаа мэдэж байгаа учираас золбин болсон хэдийнхээ хоосон хуцалтаар өөрийнхөө төлөө тэмцэнэ ч гэж юу байхав. Чи дэмий зодуулад байна шдээ, чамд бага хоол өгөөд байгаан биш үү, оромж чинь хэтэрхий жижиг учираас чамд аятайхан зугаацах орон зай ч алга гэж хуцалдах золбингууд угаас илэрхий болсон бөгөөд хашааны хэд нь ч тэднээс дутуугүй харин ч бүр илүү мэддэг, мэдэрдэг байдлыг дахин дахин улиглах мэт. Ноход нь хуцсаар л сүүлдээ би ч дасаад унтахад асуудалгүй болсон.
Хүн гэдэг амьтан бас яс ярьвал нохойноос ялгаагүйм шив дээ зайлуул. Уг нь бол бид чинь ярьдаг хэлтэй, ойлгодог ухаантай хүн гэдэг нэртэй байгалийн люкс бүтээгдэхүүн биздээ. Яагаад яг золбин нохойнууд шиг байх естой гэж?! Яагаад яг нохой шиг байх естой гэж?! Бидний амьдралыг биднээс илүү хэн ч мэдэхгүй. Нэгэнт илэрхий миний, чиний, бидний мэдэрдэг муухай голдуу мэдрэмжийг тэнэг хүнд ойлгуулах гэж байгаа юм шиг, эсвэл галзуу хүн усанд норчихсон байхад нь чи нойтон байна гэж байгаа аятай дахин дахин зарлацгаан, нохойныхоос дутуугүй болсон нийгмээ шөвөгдөн цоолох ямар шаардлагатай юм бэ?! Нэг нохой хуцаад эхлэхэд бусад нь дагаад хуцаж эхэлдэг. Манайхан яг л ийм.
Бидэнд ХҮН хэрэгтэй байна. Нөхцөл байдлыг дахин дахин давтаж залхаадаг биш, харин нөхцөл байдлаас гарах замыг нь туулах аргачилалтай зааж өгөх ХҮН хэрэгтэй байна. Ийм хүмүүс тун ховор бөгөөд тийм болох гэж оролдож яваа НЭГнийг нь тэгш хэмээс хазайн зурагдсан пянз шиг сонссон бичлэгийг давтаж эхлэхэд нь тэгшлэх санаатай түлхэж орхисон чинь дагаж шогшдог хэдэн банхар нь яг л золбин нохой аятай ярдаглан дайрч байна. Гэхдээ нохойд хазуулж суралгүй нохойнуудтай амьдарна гэдэг утгагүй. Тануусд би нохой надад тануус нохой байг яахав дээ. Тийм учираас би энд цэг тавьлаа. Харин тэр НЭГ ХҮНд би итгээд, гаслаж хуцаж тоосноос өчүүхэн гайгаа дахиж замд чинь тавихгүй.

Харин нохойныхоос илүүгүй нийгмийн амьтдыг хүн болтол нь сэнхрүүлэх нохойн биш хүний нийгэм болгох ажил хэнээс ч биш биднээс цэвэр хамаарч байна. Хуцдаг нь олон, хэлдэг нь цөөхөн энэ нийгэмд дагаж хуцах биш дарж тэмцэх ухаант мэдлэгт хүмүүний нийгмийг бид босгоно. Тэгэхгүй бол ямарч ухаантай хүний ямарч үнэн үгийг ноход нохой хуцсан чинээ тоохгүй шүү дээ. Харин хуцаад байдаг хэдээ дагаж намирсаар эзэндээ алуулж дуусах байлгүй.
19. Судлаач Д.Ганхуяг (зочин) | 2009-04-28 15:39:46
Надад онолын болон практикийн үндэстэй аргачлал байна. Бас өөр нэлээд хүнд бий. Гэхдээ би энэ аргачлалыг НОХОЙ-д өгөхгүй, хүмүүст өгөх гэж байгаа юм аа.
20. Хожуул | 2009-09-06 07:25:21
Өгсөн үү тэгээд?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.