ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮГ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮГ

Ерөнхийлөгчийн сонгууль ид дундаа явж байна. Хоёр нэр дэвшигчийн үгийг би анхааралтай чагнаж байна. Учир нь тэдний үгнээс тэдний зүрх сэтгэлийг би мэдэрмээр байна. Ерөнхийлөгч хүн зүрх сэтгэлтэй байх ёстой. Зүрх нь чухам юуны төлөө цохилох вэ гэдгийг бид одоо л таниж авах ёстой.

            Одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаяр зүрх сэтгэлээ нуусан бүдэг бүрхэг үгээр сонгууль хийж явна. Тэр хүн ярихгүй, хэлэхгүй гэж рекламдаж, өрсөлдөгчөө ярилаа, хэллээ гэж шүүмжлэх замаар сонгуулиа эхэлсэн ч одоо харин өөрөө маш их ярьж байна. Үг нь гэж ус. Үгнээс нь түүний сэтгэл зүрх үл ханхална.

Харин Ц.Элбэгдорж их ончтой үгс ярьж явна. Сэтгэл нь ил юм аа. Цагаан сэтгэлтэйдээ үг хэлээ үнэнээсээ хэлэх юм. Төрд хэрэгт болчихмоор, түмэнд буян болчихмоор бодлоготой үгс тэнд мөн ч олон байна. Жишээ нь “Монгол хүний аюулгүй байдлыг Монгол улсын аюулгүй байдал гэж үзнэ” гэж Ц.Элбэгдорж ярьж явна. Ийм үгийг ерөнхийлөгч хүн өнгөрсөн зун хэлж чадсансан бол байдал ямар байх байсан бол? Ийм үгийг хэлэх зүрх сэтгэл ерөнхийлөгч хүнд байсан бол хэдэн сайхан залуу долоон сарын нэгнээс амьд гарах байлаа шүү дээ.

            Ц.Элбэгдоржийн хэлж буй энэ үг өөрийн эрхгүй Жамбын Батмөнх гуайг дурсахад хүргэлээ. 1990 оны 4 сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд цэргүүд жагсаж, талбай дүүрэн хүмүүс давалгаалан төрийн ордныг бүсэлсэн байлаа. Тэр үед цэргийнхэн танкаа талбай руу оруулах бүх бэлтгэлийг хангасан байж. Зөвхөн тухайн үеийн ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй ганц хүн болох Ж.Батмөнхийн үгийг л хүлээж байлаа.

            Ж.Батмөнх гэдэг хүний амнаас гарах үг талбай дээр цугларсан 120,000 хүний хувь заяаг шийдэх байв. Ж.Батмөнх гэдэг хүний амнаас унах ганц өгүүлбэр Сүхбаатарын талбай хоёр дахь Тянь Ин Миний талбай болох уу, үгүй юу гэдгийг шийдэх байв. Хоёрхон жилийн өмнө нь Хятадын ерөнхийлөгч хатуу үг хэлснээр тэр талбай дээр хэдэн мянган оюутнууд махан овоо болтол буудуулж, танканд дайруулцгаасан байлаа. Ганц хүний буруу бодол, буруу бодлоос төрсөн буруу үг ингэж талбай дээр тайван суулт хийж байсан оюутан залуусыг цусан далайд живүүлсэн байлаа.

            “Зэвсэг техник, хүн хүч бэлэн боллоо. Одоо зөвхөн таны үгийг хүлээж байна” гэж Ж.Батмөнх гуайд өндөр албан тушаалтнууд ээлжлэн илтгэсэн гэдэг. Ж.Батмөнх гуай цонхоороо харахад талбай дээр хүмүүс далай шиг давалгаалж байж. Монголчууд бухимдсан байж. Далан жилийн бухимдлаа илэрхийлэхээр багтаж ядан цугларсан байжээ. Ж.Батмөнх гуай ганцхан зүйл хэлж гэнэ. “Нэг ч Монгол хүн үхэх ёсгүй. Энэ хүмүүсийн шаардлагыг сонсоё, тэдний төлөөллийг хэлэлцээрт урь.” гэж тэр хэлсэн гэдэг.

            Энэ өгүүлбэрийг ерөнхийлөгч хүн хэлснээр хүн зодно гэхээр бяр нь амтагдаж байсан олон цагдаагийнхан номхорчээ. Хэзээ ч амьд бай буудаж үзээгүй буу шийдмээрээ “туршилт” хийнэ гэж дэмий хөөрч байсан харгис хүмүүсийг энэ үг номонд нь оруулжээ. Ерөнхийлөгч нь хүн шиг үг хэлсэн учраас монголчуудаас нэг ч амь насаа алдсангүй. Тэр ч байтугай Батмөнх гуай гэртээ хамгийн аз жаргалтайгаар харьж, оройжин одот тэнгэр ширтэн эхнэртэйгээ зугаалж, үнэхээр хүн болсныхоо их үйл хэргийг бүтээсэн хүн шиг гайхалтай тайван байсан гэдэг. Хүний төлөө үг хэлсэн хүн ийнхүү жаргалтай байх нь аргагүй ажгуу.

            Харин одоо өнгөрсөн зуны явдлыг эргэн саная. Сонгуулийн будлианд уурссан хүмүүс сонгуулийг дахин тоолох шаардлага гаргаж жагсчээ. Өдрийн 12 цаг орчимд эхэлсэн жагсаал гурав дөрвөн цаг хүртэл тайван үргэлжилж байтал машинтай хүмүүс нэмэгдэн ирж, мэргэжлийн галдан шатаах хэрэгсэл зэргийг авчирч жагсагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж эхэлжээ. Оройн таван цагаас хойш үймээн болж орхив. Энэ бүх хугацаанд ерөнхийлөгч дуугүй байлаа. Засгийн газар ч дуугүй. Сонгуулийн ерөнхий хороо ч дуугүй. Хүмүүсийн дунд илт өөр зорилготой хэсэг бүлэг нэмэгдэн үйл явдал хяналтаас гарсны дараа ч ерөнхийлөгч дуугүй байв.

            Ерөнхийлөгчийг үгээ хэлээч гэж шаардахаар сөрөг хүчний удирдагч, намуудын дарга нар түүнд бараалхав. Сонгуулийн дүнг дахин тоолох талаар үгээ хэлж өгөөч гэж тэд шаардлаа. Ерөнхийлөгч бөөрөнхийлөөд өнгөрчээ. Дараа нь ерөнхийлөгчид МАХН-ын байраа шатаалгасан дарга, засгийн газрын тэргүүн бараалхаж “ямар нэгэн юм хийгээч, ямар нэгэн юм хэлээч” гэж гуйсан байдаг.

            Ерөнхийлөгч дуугүй байсаар шөнө болголоо. Тэгснээ тэр гэнэт дуугарав. Тэр Монголын радио телевизээр сүртэй дуугарах нь тэр. Юу хэлэх нь вэ гээд чагнатал “бүрэн эрхийнхээ хүрээнд онц байдал зарлах болно” гэдгээ хэллээ. Энэ бол ёстой л зүг чиггүй үг байлаа. Ерөнхийлөгчийн энэ үгэнд ямар нэгэн бодлогын байр суурь байсангүй. Ерөнхийлөгч онцгой байдал зарлаж болно, гэхдээ “энэ үеэр нэг ч хүн амь үрэгдэх ёсгүй, нэг ч хүнийг бэртээж гэмтээж, тамлаж зодож болохгүй гэж би үзэж байна” гэж тэр хэлэх ёстой байсан боловч тэгж хэлээгүй юм. Хэрэв ингэж хэлсэнсэн бол хүмүүс хохирохгүй байж болох байлаа. Хэрэв ингэж хэлсэнсэн бол хүмүүс “та ерөнхийлөгчийн үгийг зөрчиж байна” гэж эрх мэдэлтнүүдийн өөдөөс эрхээ хамгаалж  болох байлаа.

            Гэтэл харин ч эсрэгээр, ерөнхийлөгч хүчний байгууллагад дураараа дургиж болно, та нарын онцгой байдлын үед гаргасан ямар ч үйлдэлд хуулийн хариуцлага тооцохгүй гэж зоригжуулсан бололтой байдаг. Дэнжийн мянгад хүргэгдэж зодуулж тамлуулсан хэдэн зуун залуус монголын цагдаа нарт зодуулна, тамлуулна гэж ямар аймаар зүйл байдгийг яс махаараа амссан өдрүүд байлаа, тэр. Тэр зодуур ид явагдаж байх үед цагдаа нар “та нар заргалдаад яах ч үгүй, биднийг ерөнхийлөгч хамгаална” гэж баалж улам их зодож байсан тухай гэрчүүд хүний эрхийнхэнд хандаж хэлсэн байдаг.

            Ерөнхийлөгчийн зарласан онцгой байдлын дөрөв хоног онцгой тамлал, гүтгэлэгийн дөрөв хоног болсон юм. Залуусын зоригийг мохоож, хүчтэний өмнө хүчгүй нь буруутай болгох гэсэн харгис дөрөв хоног үргэлжлэв. Таван хүн амь насааа алдав. Тэр тусмаа МАХН-ын байран дотор нас барсан Чингэлтэй дүүргийн сонгогчийг үхтэл нь зодож, биеийнх нь урдуур юм овоолж хааж нуусан байдалтай олджээ. Тэр залууг хожим нь амиа хорлосон гэж хэргийг нь хэрэгсэхгүй болгох гэж шүүх цагдаа оролдож байж. Амиа хорлоогүй нь биеийн байдлын үзлэгээр батлагддаг.

           Дараа нь тэр залууг галд шатсан, угаартсан болгох гэж үзсэн ба бүр түүнийг угаартан нас барсныг нь Мөнх-Оргил гэдэг сайд Их хуралд хээв нэг мэдээлсэн дэг. Гэтэл тэр хүний хувцас нь ч шатаагүй байсан тул галд шатсан нь батлагдаагүй. Мөн залуу угаартсан байсан бол утаанаас зугатааж гүйх ёстой байтал хохирогч байшингийн буланд овоолсон юмны цаана нуугдаад угаартаад сууж байна гэдэг нь үнэмшилгүй болсон. Одоо ч энэ хэргийг авч шүүж үнэнийг нь тогтоож өгөх зоригтон хараахан байхгүй байна. Шүүхийнхэн дарамтнаасаа салбал энэ мэт хэргүүд шударгаар шийдэгдэх биз. Харин өнөөдөртөө ерөнхийлөгч “үнэн мөнийг заавал тогтоо, гашуун ч гэсэн үнэн дээр” гэх мэтийн үгээ хэлэхгүй байгаа юм. Н.Энхбаяр ийнхүү хүнд хэрэгтэй цагт нь хэрэгтэй үгээ хэлэхгүй байсаар дөрвөн жил нь дууслаа.

            Мань эрийг үг ч үгүй, байр суурь ч үгүй бантан хутгасныг хараад суралцаж авсан уу, эсвэл уг хүн нь өөрөө байр суурьтай хүн байсан уу, Молдавын ерөнхийлөгч Владимир Воронин саяхан болсон үймээний дараа үг хэлэхдээ нэг ч хэвлэлийг хаахгүй, нэг ч хүнийг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэхийг уриалсан. Тэр ч байтугай үймээний үеэр баривчлагдсан залуусыг суллахыг уриалан, үймээн гарах болсон гол шалтгааны талаар нэгдмэл ойлголттой болохын тулд сонгуулийн саналын хуудсыг дахин тоолъё гэж санаачлага гаргасан. Энэ үг нь үндэсний эвлэрэлийг бий болгож чаджээ.

            Ер нь үндэсний эв нэгдлийг хангагч байх үүрэгтэй ерөнхийлөгчийн энэ чухал албан тушаалд бид үг хэлж чаддаг, хамгийн гол нь хэрэгтэй үед, хэрэгтэй үгийг бодлоготой хэлж чаддаг хүнийг сонгохсон. Тийм хүн бэлэн байна, нэр дэвшиж байна. Тэр бол Ц.Элбэгдорж. Түүний хэлж байгаа “Монгол хүний аюулгүй байдал бол Монгол улсын аюулгүй байдал мөн” гэдэг үг надад үнэхээр таалагдаж байна.

            Үнэхээр Монгол улсын аюулгүй байдал чинь эцсийн бүлэгт гуравхан хүний гарт байгаа юм шүү дээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэдэг гуравхан хүн л аюулгүй байдлын асуудлаар эцсийн шийдийг гаргана. Өмнөх долоон сарын нэгний үеэр Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн гурвуулаа МАХН-ын гишүүн байсан болохоор тэдний хувьд намынхаа байрыг шатаж байгааг хараад ямар ч бодлогогүйгээр гурвуулаа нэг зүгт шийдвэр гаргачихсан. Ердөө л намын байраа хамгаалах гэдэг намын гишүүний инстинкт нь даваад явчихсан. Энэ зуур мань гурав монгол хүний эрх ашгийг мартсан юм. Харин одоо сонгуулийн дараа Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд багтдаг гуравын нэг нь өөр намын хүн болчих юм бол өнөөх хүнээ гэдэг тал нь бодлого болж орж ирэх гээд байна.

            Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэг намын бүрэлдэхүүнтэй байлгахын хорыг амсахын дээдээр амссан Монголчууд бид одоо ямар ч байсан Н.Энхбаяраас өөр нэр дэвшигчид саналаа өгөх нь дээр. Энэ нь өөрсдийн маань аюулгүй байдалд ч нийцэж байна. Н.Энхбаярын хувьд гэвэл түүнд цаг хугацаа хангалттай байсан, гэвч тэр бидний аюулгүй байдлыг хамгаалж чадаагүй, эв нэгдлийг хангаж чадаагүй. Тэр ерөнхийлөгч хүний бодлоготой үгийг хэлж байгаагүй.

            Харин одоо бидэнд хэрэгтэй цагт хэрэгтэй үг хэлдэг ерөнхийлөгч хэрэгтэй. Манай Монголын ерөнхийлөгчийн үг ардчилсан үнэлэмжтэй, хүнд тустай, ард түмэндээ ээлтэй байх ёстой. Тийм үгийг одоогийн өрсөлдөгч хоёроос Ц.Элбэгдорж л хэлж чадна.

 

Сэтгэгдэлүүд:

1. Хожуул | 2009-05-18 05:57:21
Энэ АН-хан уйгагүй ингэж бичсэн юмаа уянгын халилаар хачирлан дахин дахин тавьж байхаар Элбэгийн мөрийн хөтөлбөрийн биелэх боломжийг нь чадал нь хүрвэл магадлалаар нь бодоод тавьчаач. За бас бодох нь ч хаашаа юм.
Энэ ийм байгаа учираас энийг нь ингэх хэрэгтэй ингэчихвэл энэ ингэнэ ингэхэд энэ туслана ч гэдэг юмуу бодитой ойлгомжтой юм бичүүл хүнд илүү хүрэх юм бишүү. Элбэгээгээ дэмжээрэй сайн.
2. DDD (зочин) | 2009-05-18 10:23:53
nadad ali alin taalagdakhgui bn. songuuli bolokhoor l tomruuldag shileer bukhniig kharj gene. 2-land n erkh medel baisan omno n ene yriad baigaa zuilee khiij baikhgui uugaa khiigeed baisan um. neg l ikh saikhan setgel gargakh gesen khumuus gekhdee khelj baigaa khiij baigaa zuil toriin terguun baikhad ul niitsekh neg negniikhee uliig shagaisan um yriad khiigeed baikh um. yaj bodson eronkhiilegchid taarakhgui khumuus bn lee. Bi aliniikhan ch toloo sanal ogokhgui.
3. songogch (зочин) | 2009-05-18 11:16:24
zalhaj guitslee.songuuli yarihaa bolimoor um.
4. eneohin | 2009-05-23 19:39:34
энэ баннер.
Толгойд нь байгаа таньд гэдэг үг бээшдээ тэ,
Та+д(өгөх оршихын т.ялгал)=та(н)д ийм л байх санагдаад байна даа. зөөлний тэмдэг байх ямар ч шалтгаан байхгүй баймаар.
(саваагүй нохой бишээ энэОхин саранд бишээ баннерт ... хихихи
5. zurkhend | 2009-06-01 18:45:11
odoo uls turuus jookhon angijirmaar bnA SH DEE CHINII BLOG
6. zochlov (зочин) | 2009-06-16 21:53:57
Aaviin chini buruu zamaar hiisen business-t Enhbayar horig tavichaad chi booj uheh ged gaa muuu... heheh
7. T. Хүслэн | 2009-06-21 04:15:41
6.-d ineed ch hureh shig, jijig dund uildverleluud baga bizness erhlegchid yaj zovj baisaniig chi medehgui l dee. mongol uls iim hainga humuustei hainga humuus n haingaasaa iluutei teneg met aashiildag bolohoor uls hogjdoggui baihoo
8. Lenovo (зочин) | 2009-06-21 04:29:43
bi ene xojuul gedeg xynd ynen durgyi xyrex um, medrel muutai, avgai xyyxendee xaygdsan xyn l bolov uu, arai c emegtei bish baix. bas yagshyy baixaa neg sonin xyn baina, alai marzganaj baigaa l gej bodogyi baix. yaj amdrana da, iim yl itgeh, yl oishoox yzeltei xymyys.
9. VperV | 2009-06-21 04:56:43
Сайн байна уу. Хүслээн.
Залуу хүний халуун сайхан итгэл зүтгэлээр эх орон, ард түмэн, нийгмийнхээ төлөө үгээ хэлж, ухаан бодлоо уралдуулж, шудрага бус муу муухайг эсэргүүцсэн бичлэгүүдээ нийтэлж байсанд чинь баярлаж бас чамаар бахархаж байна.
Чамд амжилт, аз жаргал хүсье.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.